Налайх дүүргийн ЗДТГ, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, Налайх Эрүүл мэндийн төвөөс хамтран улсын хэмжээнд АНХ УДАА ерөнхий боловсролын сургуулийн 9-12 настай сурагчдын дунд “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ.
Тус тэмцээний эхний шат 2019 оны тавдугаар сарын 04-ний өдөр болж өнгөрсөн бөгөөд эхний шатны тэмцээнээс шалгарсан таван багийнхан тавдугаар сарын 30-ны өдөр сүүлийн шатандаа өрсөлдөж аваргаа шалгарууллаа.
Тус арга хэмжээнд Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж ажилласан бөгөөд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож, тэмцээнд оролцогч хүүхэд багачууддаа баяр хүргэлээ.
Тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалтад таван багийн 40 хүүхэд оролцсон бөгөөд 109 дүгээр сургуулийн “Танан цагаан” баг тэргүүлж, есдүгээр сард Тайван улсад болох Тайван Монголын хамтарсан “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэд болсон юм.
Мөн шүдээ сайн угаадаг шилдэг хүүхдээр 109 дүгээр сургуулийн сурагч Ц.Наранцэцэг, 119 дүгээр сургуулийн сурагч Э.Амина нар шалгарт 16 нас хүртлээ нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвд очер дараалалгүй, үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийн эзэд боллоо.
Амны хөндийн өвчлөлгүй, эрүүл ирээдүйг хамтдаа бүтээцгээе.