Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж сонгуулийн тухай хуулийн төслүүдтэй холбоотойгоор байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ.
Анх сонгуулийн хуулийг өөрчлөх гурван хууль санаачлагдсаны дагуу 2017 онд УИХ-ын даргын захирамжаар эдгээр хуулиудыг нэгтгэсэн нэг хууль болгон барих ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэгт УИХ-д суудалтай улстөрийн нам, бие даагч зэрэг 12 гишүүн багтжээ.
Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “Манай улс Ерөнхийлөгчийн болон УИХ, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар явуулж байна. Ингээд 2016 онд УИХ, 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсны дараа гурван өөр сонгуулийг нэг хуулиар зохион байгуулах эрхзүйн боломжгүй болохыг мэдэж авсан. Тиймээс эдгээр гурван сонгуулийг тус бүрийн нь хуулиар явуулах нь зүйтэй гэж үзэж өөрчлөлт оруулж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс 7 удаа УИХ-ын сонгууль явуулснаас дөрөв нь жижиг мажоритар тогтолцоогоор буюу олон тойрог нэг мандат, гурван удаа томсгосон мажоритар буюу олон мандаттай тогтолцоотойгоор явуулсан.
Өмнө нь сонгуулийн хуулийг батлахдаа эрх барьж байгаа нам өөрт ашигтай байдлаар баталж ирсэн. Одоо бол ард түмэнд ашигтай байх хувилбарыг ажлын хэсэг ярьсан.
Үндсэн хуулийн дагуу сонгуулийг мажоритар тогтолцоогоор хийх үндэстэй. Ингээд дөрвөн хувилбарыг ажлын хэсэг гаргасан. Үүнд:
• Одоогийн жижиг 76 тойрог
• Өмнө нь гурван удаа явуулсан томсгосон мажоритар буюу олон мандаттай
• Бүсчилсэн
• Улс нэг тойрог гэсэн дөрвөн хувилбараар сонгууль явуулах бололцоотой.
Ингээд ажлын хэсэг хуралдаад Монгол улсад нэг том тойргийн тогтолцоотой байх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Одоогийн мөрдөгдөж буй 76 жижиг тойргийн тогтолцоо нь жалгын сэтгэлгээнд хуваарилж байдаг учир цаашид улсаа бүхэлд нь нэг тойрог болгох нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ” гэж мэдэгдлээ.