“Токио 2020” паралимпийн наадамд оролцох эрх олгох пара байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-9-ний өдрүүдэд Нидерландын Хертагенбош хотноо зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээнд дэлхийн 52 орны 292 тамирчин оролцож, рекурв /70м/, компаунд /50м/ гэсэн хоёр төрөлд цэц мэргэнээ сорьжээ. Монгол Улсыг төлөөлж “Бээжин 2008” паралимпийн наадмын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржаваар ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон байна.
Манай харваачид зөвхөн рекурв төрөлд өрсөлдсөн бөгөөд хувийн харваанд шилдэг 16-д шалгарчээ. Харин холимог багийн төрөлд А.Анхбаяр, Б.Оюун-Эрдэнэ нар харвасан бөгөөд тэд эхний харваандаа гоц мөргөж, дараагийн тойрогт Польшийн багийг 5:3-аар хожиж шилдэг наймд үлдсэн юм. Шилдэг дөрөвт шалгарахын тулд тэд ОХУ-ын хүчирхэг багтай харван, 5:4-өөр ялагдан тэмцээнээ дуусгасан байна. Энэхүү холимог багийн төрөлд ОХУ-ын баг түрүүлж, Итали мөнгө, БНСУ хүрэл медалийг хүртлээ.
Энэ удаагийн Пара байт харвааны ДАШТ-ээс ОХУ, Итали, БНСУ, АНУ, БНХАУ гэх улсын тамирчид “Токио 2020” Паралимпийн наадмын эрхээ авч чаджээ.