Урин дулааны цаг ирж хот суурийн газраас хөдөө орон нутаг руу чиглэх хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулж Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Орон нутгийн замын хяналт, хөдөлгөөний соёл” 2019 урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг иргэд нийтийн дунд 2019 оны зургаадугаар сарын 15-аас есдүгээр сарын 25-ны хооронд зохион явуулна. Энэ талаар өнөөдөр /2019.06.14/ Цагдаагийн ерөнхий газар болон Тээврийн цагдаагийн газар хамтран мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллагын “хар цэг”-ийн судалгаагаар аль аймагт зам тээврийн осол ихэвчлэн гарч, хүний амь нас эрүүл мэнд хохирч буйг тогтоодог байна. Уг судалгаагаар Баян-Өлгий, Баянхонгор, Төв аймагт зам тээврийн ашиглалтын эсрэг гэмт хэрэг 2-2.5 дахин өссөн, хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоон үзүүлэлт Архангай, Баянхонгор, Булган,Төв аймагт 2-2.6 дахин өссөн үзүүлэлт гарчээ.
“Орон нутгийн замын хяналт, хөдөлгөөний соёл” 2018 буюу өнгөрсөн онд энэхүү арга хэмжээг зохион байгуулж нийслэлд 207, орон нутагт 232 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй 188 цэгт, 24цагаар ажилласны үр дүнд замын осол гэмтэл тодорхой хэмжээнд буурсан нааштай үзүүлэлт гарчээ. Өнгөрсөн оны байдлаар Тээврийн цагдаагийн алба 81 мянга гаруй осол гэмтлийн дуудлага хүлээн авч, 24 мянган осол бүртгэгдэн шалгагдаж, зөрчилд холбогдсон тээврийн хэрэгслийн 75 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй, 81 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай гэсэн судалгаа гарсан байна.