Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас баяр наадмын өдрүүдэд иргэдийг хоолны хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн хоолны үйлчилгээ явуулах иргэд, аж ахуй нэгжид дараах шаардлагуудыг тавьсан байна.
Тухайлбал,
Баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэхээр зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд ажлын байрны эрүүл ахуй, ариун цэврийн нөхцлийг сайтар хангаж ажиллах
Ажлын байранд хүнсний зориулалтын тоног төхөөрөмж ашиглаж, гар угааж, ариутгах нөхцлийг бүрдүүлж, мэргэжлийн тогооч, бэлтгэгчийг ажиллуулах ба зөвшөөрөл, мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн үзлэгийн дэвтэр, бусад бичиг баримтийг бэлэн байлгах
Ажилчид ажлын хувцсаар бүрэн хангагдан, өмссөн байх ба эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулах
Хүнсэндээ гарал үүслийн гэрчилгээтэй, шинжилгээ, баталгаажилттэй түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэх
Майонез болон кремтэй бүтээгдэхүүн, өндөг, хиам зэрэг түргэн гэмтэх хоол хүнсээр үйлчлэхийг хориглох
Хуушуурын мах нь гарал үүслийн гэрчилгээтэй, шинжилгээ хийлгэсэн байх ба хадгалалтын горимыг чанд сахиж жижиг, нимгэн хэсэг болгон хөлдөөгчинд -18 хэмээс нам температурт хадгална. Хуушуур хайрах тосны өнгө, үнэр өөрчлөгдсөн тохиолдол ойр ойрхон сольж хэрэглэх
Хоол хүнсийг зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт авч явж зарахыг хориглох
Хоол хүнсэнд 2 ба 4 тэмдэглэгээтэй нэг удаагийн сав, халбага, сэрээ, аяга, таваг хэрэглэх
Айраг, ундны усыг 1 ба 5 тэмдэглэгээтэй саван хадгалж үйлчилнэ. Айргийг шинжилгээнд хамруулсан байх
Хатуу, шингэн хог хаягдлыг зориулалтын хогийн цэгт тухай бүр хаяж, зайлуулах зэрэг болзлыг тавьсан байна.
Өнгөрсөн жилийн наадмаар хоол үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл авсан иргэд нь ажлын хувцсаа бүрэн өмсөөгүй, нэг удаагийн бээлий, хавчааргүй, зориулалтын төхөөрөмж сав, суулга дутмаг, гар ариутгагч болон гар угаалтуургүй, үнэр орж муудсан махаар хоол хийх, өмнөх өдөр бэлтгэсэн хуушуураа зарахаар завдсан зэрэг зөрчлүүд илэрсэн аж.
эх сурвалж: gogo.mn