Хорих 461-р ангиас оргосон сэжигтэн С.Төмөрийг өнөөдөр /2019.06.21/ 06.00 цагийн үед Замын-Үүдийн боомтын ойролцоогоос баривчилсан байна. Сэжигтэн С.Төмөр нь бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгаж байгаа бөгөөд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хоригдож байсан юм. Тэрээр тус ангид хоригдож байхдаа ангийн сэтгэл зүйчийн буруутай үйлдлийн тусламжтай оргон зайлсан болохыг ангийн захирагч мэдэгдсэн. Улмаар түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд Дорноговь аймаг Замын-Үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах оролдлого хийх үeд нь Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд шуурхай илрүүлэн баривчилжээ.
Сэжигтэн С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, 25 настай, өмнө нь гурван удаагийн ял шийтгэл авч байсан бөгөөд 11 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдан 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан юм.