Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч, 2019 оны оюутны лигийн шилдэг тоглогч, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний таван удаагийн аварга О.Дөлгөөн элэгний дутагдал гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа Монголчууд түүний амь насыг аврахын тулд хандив илгээж байгаа юм.
Тэдний нэг нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж 10 сая төгрөг хандивлаж өөрийн нүүр хуудсаар дамжуулан мэдэгджээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Сайхан сэтгэлт Монголчууд маань үнэхээр сэтгэл нэгдэж чадаж байна. Хэлж ирдэггүй зовлонг туулаад гарна шүү. Босоод ирээрэй, ахын дүү. 10 сая төгрөг зардалд нэмэр болж байна. Сайн хүний үр, сүүт гүүний унага минь” хэмээн бичсэн байна.