Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнэ 50 төгрөгөөр буурсан хэмээн мэдэгдлээ. Энэхүү мэдээллийн үеэр тус байгууллагын газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Өнгөрөгч 3-5 дугаар сард дэлхийн зах зээлд дээрх түүхий тосны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулж АИ 80 шатахуун 180-200 орчим төгрөгөөр өссөн. Харин зургадугаар сараас дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ буцаад буурсан учир өнгөрөгч сард шатахууны үнэ 50 төгрөгөөр буурсан.
Долоодугаар сард энэхүү бууралт үргэлжилж байгаа учир өчигдрөөс эхлэн АИ-92 болон 95-ын үнийг дахин буулгах арга хэмжээг авлаа. Ингэснээр Улаанбаатар хотод шатахууны үнэ буурсан бөгөөд удахгүй орон нутагт худалдаалж буй үнэ мөн буурна. Зургаадугаар сарын дундаас хойш АИ-92 автобензин литр тутамдаа 100-110 төгрөгөөр буурсан” хэмээн мэдэгдлээ.
Манай улс газрын тосны бүтээгдэхүүний 95 хувийг ОХУ-аас импортолж буй бөгөөд эхний хагас жилийн байдлаар 960 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолоод байгаа аж. АМГТГ-аас үндэслэлгүйгээр шатахууны үнийг нэмсэн тохиолдолд тухайн импортлогч байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах арга хэмжээ авна гэдгийг компаниудад мэдэгдсэн байна.