Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг маргааш хийхээр болжээ. Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын найманд болоод байсан билээ.
Энэ удаагийн шүүх хуралдаанд Б.Хурцаас гадна Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нар шүүгдэгчээр татагдаад байгаа. Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 гэсэн зүйл ангиар яллаад байгаа юм.
Тэднийг С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан Б.Булган, Г.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг албадан мэдүүлэг өгүүлсэн, эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгажээ.
133 дугаар зүйл. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих
133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах
251.1 .Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасанбол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.