Энэ удаагийн хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол болох цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдийг бүртгэх цахим бүртгэл сарын турш үргэлжилж өчигдөр дууссан билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн цахим бүртгэлээр цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн эцэг эхэд “Таны хүүхэд цэцэрлэгийн бүртгэлд сонгогдсон тул …бүртгэлээ баталгаажуулна уу” хэмээн мессэж илгээж эхэлжээ. Хэрэв та хүүхдийнхээ бүртгэгдсэн эсэхийг шалгахыг хүсвэл https://tsetserleg.ulaanbaatar.mn/ системийн “Шалгах” цэснээс харах боломжтой.
Харин өмнөх хичээлийн жилд таны хүүхэд төрийн өмчит цэцэрлэгт хамрагдаж байсан бол цахим бүртгэлд хамрагдах шаардлагагүй бөгөөд наймдугаар сарын 26-28-ны хооронд цэцэрлэг дээр нь очиж гэрээ байгуулах үүрэгтэй аж.
2019-2020 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90000 хүүхэд, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33000 гаруй хүүхэд, нийт 714 цэцэрлэгт 123000 гаруй хүүхэд хамрагдах төлөвтэй байна. Энэ жил төрийн өмчийн цэцэрлэгт 18849 хүүхэд элсэх боломжтой бөгөөд шинээр 2 настай 11913 хүүхэд элсүүлэх юм байна.