Жаран тэрбум, ЖДҮ, Эрдэнэтийг тойрсон хулгай, дээрэм, Ш.Раднаасэдийн хөөн хэлэлцэх хугацаа, МХЕГ-ын газрын байцаагч нарын авлигал, Махны үнийн хөөрөгдөлт, Улсын өрийн хэмжээний тэлэлт, Бөхчүүдийн допинг, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гүтгэгдсэн иргэд, Оюутолгойн гэрээ, Олигархиудтай хийх тэмцэл, уул уурхай дагасан зодооноос илүү санаа зовоосон асуудал бол УТАА. Дээрх асуудлуудыг хуулийн хүрээнд засч сайжруулж хариуцлага тооцож болно. Монгол Улс гамшиг сүйрлийн ирмэг дээр ирээд байна. Жилдээ 400 нярай эндэж, Эрүүл мэндийн салбарын төсөв 4 тэрбумаар нэмэгдэж нийгэмд 4 их наядаар хохирол учруулж байна. Нүүрсний утааг бол улс орнууд дайраад гарах бүртээ төлбөр төлдөг. Хамгийн их төлбөрийг Англичууд 12 мянган хүний амиар төлсөн түүх бий.
Яг өнөөдөр утаанд төлбөр төлж буй улс гэвээс Энэтхэг, Хятад, Пакистан, Афганистан, Египет, Иран, Грекчууд байна. Цаана бас Латин Америкийн улс орнууд түүхий нүүрс болон автомашин болон орчны бохирдол гамшиг болсон улс орнууд байдаг. Гэхдээ энэ улсууд агаарын бохирдлоосоо хэдий хэр төлбөр төлөн хэдэн жилийн дараа даван гарах нь таашгүй. Утаатай тэмцсэн улс орнуудыг харж байхад эдийн засгийн боломж бололцоогоосоо хамааран урт, дунд богино гэсэн арга хэмжээнүүд авдаг юм билээ.
Утаа бол ямар нэг төсөл хөтөлбөр, цаг хугацаа, мөнгө төлөхгүйгээр шийдэгддэг асуудал биш. 1995 оноос хойш орон сууцжуулах, нар салхины эрчим хүч, хий газ, зуух гээд хөнжлийнхөө хэрээр аргуудыг үзсээр байна. (Атомын бага оврын цахилгаан шийдэл байж болох ч болгоомжлол хүчтэй байна)Хамгийн сүүлд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьжээ. Япон, Солонгос, Герман 1700 оноос эхлэн шахмал түлш үйлдвэрлэсэн баялаг туршлагатай. Тавантолгойн нүүрсийг угаагаад цардуул, шохой зэрэгтэй хольж өндөр хэмийн халуунд жигнэж байгаа юм билээ. Энэ бас оролдлого. Муулахаасаа илүү дэмжих хэрэгтэй. Улс төржихгүйгээр хамтдаа дэмжээд үз. Яагаад гэвэл цоо шинэ зүйл биш олон улсад туршигдсан, тоног төхөөрөмж, найрлага бодис нь бэлэн болсон арга зам.
Аливаа оролдлого бүхэн алдаа оноо дагуулдаг ч амжилтын эхлэл болдог юм шүү. Ямар ч оролдлого хийхгүй бол нүүрсний утаанд 2025 он гэхэд 12 мянган хүний амь нас хохирч, эдийн засгийн асар их сүйрэл рүү очно. Энэ л санаа зовоосон асуудал болчихоод байгаа учир “Бүгдээрээ хичээе” гэж бичээд байгаа юм. Хамгийн аймаар зүйл бол дайн тулаангүй байж олон зуун иргэдээ утаанд алдаж байна шүү дээ бид…
Б.Жаргалсайхан