2024 онд улсын төсвийн зарлага 30.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 34.9 хувиар өсжээ.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2024 онд урьдчилсан гүйцэтгэлээр 29.6 их наяд төгрөг хүрч, өмнөх оноос 27 хувиар өссөн байна. Харин нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ нь 30.4 их наяд төгрөг хүрснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 776.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
2024 онд татварын орлого 27.4 их наяд төгрөг хүрсэн нь 2023 оныхоос 27 хувиар, 2022 оноос 70 орчим хувиар өссөн үзүүлэлт боллоо.
Төсвийн зарлага өмнөх оноос 35 хувиар өссөнөөс бараа, ажил үйлчилгээний зардал 4.4 их наяд төгрөг буюу өмнөх оноос 85.7 хувиар, хөрөнгийн зардал 52 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Харин 2025 оны төсвийн орлого, зарлагыг 33.5 их наяд төгрөг буюу алдагдалгүй байхаар батлаад байгаа юм.