УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн шавь, Монгол Улсын аварга Б.Оюунболдын сэргээшний шинжилгээнээс допингийн дөрвөн төрлийн бодис илэрсэн болохыг Улсын Их Баяр наадмыг зохион байгуулах комиссын Үндэсний бөхийн салбар хорооноос өчигдөр албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан түүний багш, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс цөөн асуултад хариулт авсан юм.
Б.Бат-Эрдэнэ, би Оюунболдтой утсаар ярьсан. “Багш аа, би допингийн төрлийн бодис огт хэрэглээгүй шүү” гэж итгэлтэй хэлж байна лээ. Хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Наадмын өмнө чамайг допингтой холбоотой асуудалд оруулна гэх мэтээр заналхийлсэн. Мөн 1.7 тэрбум төгрөгөөр Хэнтийнхэн наадмын бөхийн түрүүг худалдаж авлаа” гэх мэтээр нэр төрд халдаж байсан. Иймэрхүү зүйл гаргаж, төрийн баяр наадмаа будилуулж таарахгүй. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтынхан шалгаж тогтоох ёстой байх.
Хоёрдугаарт, Допинг хэрэглэсэн байх юм бол олон улсад болон манай улсын хуульд заасан хариуцлага хүлээлгэх зохицуулалт бий.
-Тэгэхээр хууль хяналтын байгууллагад хандана гэсэн үг үү?
-Би хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан гэж ойлгосон.
-Та шавьдаа итгэл алдарч байна уу?
-Надад итгэл алдсан юм алга. Өөрөө бол өөртөө их итгэлтэй байна лээ. Миний хэлэх зүйл бол Оюунболд бол байгалиас заяасан бяр хүчтэй төрсөн бөх шүү дээ.
-Оюунболд аварга Б сорьцын шинжилгээг өгөхөөс яагаад татгалзсан юм бол?
-Өөрөө ДНК-гийн шинжилгээ өгнө гэж мэдэгдсэн. Тэр шинжилгээгээ өгөх гэж байгаа байлгүй гэв.
-Допинг хэрэглэсэн явдлыг дарсан тохиолдлыг та мэдэх үү?
-Тийм тохиолдол мэдэхгүй.
-Оюунболд санаатайгаар допинг хэрэглэсэн юм биш үү? Учир нь илэрсэн дөрвөн төрлийн бодисын хоёр нь шээсээр хөөх зориулалттай бодис байна. Допинг хэрэглэчихээд түүнийгээ шээсээр өгөх гэж оролдсон юм бололтой?
-Тийм юм яригдаж байгаа. Оюунболд өөрөө мэдэгдэл хийсэн. Надтай утсаар ярихдаа “миний энэ шинжилгээ бол солигдсон байна” гэдгийг өөртөө их итгэлтэй хэлж байсан.