Монгол улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.08.28/ болж дараах шийдвэрийг гаргасан байна.
2020 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг баталлаа. Цэргийн албаны тухай хууль болон цэргийн дүйцүүлэх албаны зохих журмын дагуу тус тусын аймаг, орон нутагт зохион байгуулж ажиллахыг аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
Дүйцүүлэх албанд хамрагдсан иргэд нь орон нутагт батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцохоос гадна байгалийн болон нийтийг хамарсан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг нийтэд сахиулж ажиллахад дэмжлэг үзүүлэх зэрэгт үүрэг хүлээн оролцох юм.
Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэн бүрт эх орноо хамгаалах бэлтгэлийг эзэмшүүлэх тэдэнд цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор цэргийн насны иргэдийг дүйцүүлэх алба хаалгах ажлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Мөн орон нутагт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцож, орон нутгаа хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.