2022 онд Катар улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ, 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийн сонгон шалгаруулалтын урьдчилсан шатны шалгаруулалтанд Монгол улсын баг анх удаа оролцож байгаа билээ. Тэд өнгөрөгч зургадугаар сард Бруней Даруссалам улсын хөлбөмбөгийн шигшээ багтай тоглож 3:2-ын харьцаатайгаар ялалт байгуулснаар энэхүү эрхийг өвөртөлсөн юм.
Манай хөлбөмбөгчид урьдчилсан шалгаруулалтын “F” хэсэгт багтсан бөгөөд энэ хэсэгт Тажикстан, Япон, Мьянмар, Киргиз болон Монгол гэсэн таван улсын баг багтаж байгаа аж.
“Талын хөх чононууд” баг эхний дөрвөн тоглолтоосоо гурвыг нь өөрийн талбайдаа тоглох бол нэг удаад зочин багаар оролцохоор болжээ. Тэдний хувьд хэсгийн эхний тоглолтоо долоон хоногийн дараа буюу есдүгээр сарын 05-ны 17.00 цагт Мьянмарын шигшээ багтай хийх гэж байна. Харин хоёр дахь тоглолтоо есдүгээр сарын 10-нд Тажикистаны багтай хийх бол аравдугаар сарын 15-нд Киргизийн багтай тоглоно. Харин зочин багаар оролцох тоглолтоо Японы багтай хийх бөгөөд энэхүү тоглолт аравдугаар сарын 10-нд хийхээр товлогджээ.