\”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд \”Хонхны дуу” клубын санаачилгаар Монголын рок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор \”Алдрын од”-оор шагнаж, хүндэтгэлийн самбарыг байршуулдаг уламжлалтай болсон.
Энэ жилийн \”Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлаг шалгарсан бөгөөд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд \”Алдрын Од” хүндэтгэлийн зүүсгэлийг нь гардуулан өгч, Харанга хамтлагийн хүндэтгэлийн самбарыг СТӨ-ний хажууханд байршууллаа.
Хүндэтгэлийн самбар байршуулах нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд \”Хүн амын тоо нь 1 саяас дээш давсан дэлхийн томоохон хотууд соёл урлагийнхаа салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдээ алдаршуулан, нэрийг нь мөнхөлдөг. Энэ л жишгийн дагуу Монголын рок поп урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч хамтлаг дуучдыг шалгаруулж, \”Алдрын од”-ын эзнээр тодруулж, алдаршуулдаг уламжлал 2015 оноос эхлэн тогтсон. \”Алдрын од”-ын эзэн болсон Харанга хамтлагийн гишүүдэд баяр хүргэж, цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье” гэлээ.