Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороо 24 дүгээр байранд оршин суух өндөр настан Ц-г орцонд хүч хэрэглэн дээрэмдсэн хэрэг 2016 оны нэгдүгээр сарын 07-нд гарсан.
Тухайн үед хяналтын камерт бичигдсэн дүрсээр залуучуудыг хэн болохыг тогтоож, тэрхүү бичлэг сошиалаар цацагдсаны дараа олон нийт дээрх залуусыг шүүмжилж, өндөр настанг өрөвдөж байв. Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн А.Б, Э.М, Л.А нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.
Шүүхээс А.Б, Э.М, Л.А нарыг бүлэглэн, бусдын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэсэн байна. Тухайлбал шүүгдэгч А.Б-т 5 жил 1 сарын хорих, Э.М-д 5 жил 1 сарын хорих, Л.А-д 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оноож ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.