Хотын хамгийн том зайрмагийн дэлгүүрт нэлээд ноорхой хувцас өмссөн жаалхүү ганцаараа орж ирлээ. Түүнийг ямар ч үйлдэл хийгээгүй байхад хөөж гаргах нь утгагүй тул зөөгч дургүйхэн харж зогссон юм. Удалгүй нэг ширээн дээр очиж суугаад зөөгчийн ирэхийг хүлээж байгаа нь илт ийш тийшээ хүзүүгээ сунгана. Дуртай, дургүй менюгээ барин хүүгийн зүг хөлөө зөөж ядах зөөгч бүсгүй урамгүйхэн ирж зогсоод \”юу захиалах вэ?” гэх жижүүрийн асуултаа робот шиг хүйтэн хөндий аясаар хэллээ.
Хүү: Шилэн аягатай, зөөлөн кекстэй зайрмаг хэд вэ? хэмээн асуухад:
-50 цент гэж хариулахдаа мөнгөгүй юм байж хэмээн дотроо бувтнав. Хүү халаасаа уудлан задгай зоосон мөнгөнүүд гарган ирж тоолсноо буцаан хийж сонголтоо өөрчлөв бололтой харцаар тоомжиргүй зогсох зөөгч бүсгүй рүү хандан инээмсэглэж: Тэгвэл зөөлөн кексгүй зайрмаг хэд вэ? хэмээн лавлав.
Бүсгүй: -35 цент гэж хэлэхдээ ядаж түүн рүү харсан ч үгүй. Энэ үед жаал ахин халаасаа уудалж мөнгөө бүгдийг нь тоолж дуусаад бүсгүйд хандан мөнөөх л энгийн цагаахан инээмсэглэлээрээ:
-Тэгвэл энгийн зайрмагнаас нэгийг авъя гээд \” захиалгаа өгсөн хүндээ би” гэсэн шиг сэтгэл хангалуун суулаа. Тэнд үйлчлүүлж байгаа зарим хүн ноорхой хувцастай хүүг харангуутаа сэжиглэн дөлж байгааг анзаарах ч үгүй суух түүний цагаахан инээмсэглэл харин зарим нэгний хайрыг татаж, өхөөрдсөн харцаар мялаалгаж байлаа. Ярилцаагүй хэрнээ өөр хоорондоо нэгдэн уусах энэ олон сэтгэлийн өнгө, бодол, мэдрэмж сүлэлдэх үед зөөгчийн өсгийн чимээ ойртон дуугарсаар жаалд дөхөн ирээд захиалгыг нь ширээн дээр тавьлаа. Бушуухан холдож буй бүсгүйн араас нэг том хараад өдрийн орлогоороо ходоодоо баярлуулахаар халбага шүүрэн авах нь тэр. Зөөгчийн хувьд өнөөдрийн хамгийн тааруухан үйлчлүүлэгч нь энэ бяцхан хүү болов. Түүнийг гарсны дараа бушуухан тавгийг нь цэвэрлэж өөр нэгэнд суудал суллах санаатай ширээ рүү нь очоод нүдэндээ ч итгэсэнгүй. Түүний нүд дугариг хэлбэртэй болж, бусад хүмүүс рүү ангайн харах ажээ. Учир нь жаал зайрмагаа идэж дуусаад хоосон шилэн аяганыхаа дэргэд зөөгчид зориулан гарын мөнгө үлдээсэн байв. Үнэндээ түүнд яг 50 цент байсан ч дуртай зайрмагаа захиалчихвал түүнд үйлчилсэн зөөгчийн гарыг цайлгах мөнгөгүй болох гээд байсан тул 35 центээр нь энгийн зайрмаг авч үлдсэн 15 центийг тип болгон үлдээсэн байв. Хувцас ноорхой ч сэтгэл бүтэн хүүгийн үйлдэл зөөгчид нэгийг бодуулж, олон зүйлийг ухааруулсан байна. 15 центийг тас атгасан бүсгүй яаран сандран гүйн гарч эргэн тойрноо ажигласан ч түүний бараа харагдсангүй. Гэмшил, ухаарал дүүрэн нүдээр гудамж ширтэн хэсэг зогсов.