Африк тивийн Зимбабве улсын ерөнхийлөгч асан Роберт Мугабе өвчний улмаас нас барсныг гэр бүлийнхэн нь хэвлэлүүдэд мэдэгджээ.
Роберт Мугабе нь 95 нас хүрээд байсан бөгөөд Зимбабве улсыг колоничлолоос чөлөөлөх партизаны дайныг удирдаж явсан хүн юм. Тэрээр колоничлолын засаг захиргааг шүүмжилснийхээ төлөө 1964 оноос эхлэн ямар ч шүүхийн шийдвэргүйгээр арав гаруй жил шоронд хоригдож байжээ.
Уг ялыг эдлэж байхдаа 1973 онд Зимбабвегийн Африкийн Үндэсний Нэгдэл намын даргаар сонгогдсон юм. Дайны дараа 1980 оноос эхлэн улсынхаа анхны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж эхэлсэн аж.
Үүнээс хойш Ерөнхийлөгчийн суудалд тасралтгүй 37 жил суусан тэрээр 2017 оны арваннэгдүгээр сард цэргийн эргэлт гарснаар энэхүү албанаасаа буусан. Тэрээр албанаасаа буухдаа 10 сая ам.доллар авч үхтлээ сар бүр 150 мянга, эхнэр Грэйс нь 75 мянган ам.долларын цалинтай байхаар шинэ удирдагч нартай тохирч суудлаа тавьж өгсөн юм.
Ерөнхийлөгчийн албаа хашиж байх үедээ тэрээр дэлхийн хамгийн өндөр настай Төрийн тэргүүнээр нэрлэгдэж байсан бөгөөд бүрэн эрхийн нь хугацаа нь түүнийг 99 настай байхад нь дуусах байсан юм.