Монгол улсын шашин, урлаг соёлыг сурталчлах зорилго бүхий уламжлалт “Даншиг наадам-Хүрээ цам 2019” наадам есдүгээр сарын 8-нд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү наадам нь өмнөх жилүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагддаг байсан бол энэ жилийн наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр болжээ.
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадмыг жуулчдын анхаарлыг ихээр татдаг Жахар цам харайх болон монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилгаар наадмаа нээж “Батцагаан” цогчэн дуганы нээлт, “Самвад III” олон улсын хурал, “Даншиг наадам-Хүрээ цам 2019” гэсэн хэсгүүдтэй байхаар төлөвлөжээ. Мөн хүчит 256 бөхийн барилдааныг хийх юм байна.
Энэ удаагийн “Даншиг наадам-Хүрээ цам 2019” наадмыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр /2019.08.03-04-н/ зохион байгуулахаар төлөвлөөд байсан хэдий ч түр хойшлуулж есдүгээр сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон юм.