Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ замд засвар, шинэчлэлийн ажил амжилттай үргэлжилж, эхний багцын асфальт бетон хучилтын ажлыг хийж эхэлсэн байна.
Энэхүү замын засвар шинэчлэлтийн ажлыг таван багцад хуваасан бөгөөд нийслэлээс баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажлыг нэг багц болгосон юм. Хуучин замын далан 9-10 м өргөн, хучилтын өргөн 6-7 м байгаа бол өргөтгөл, шинэчлэлийн дараа далангийн өргөн 11 м, хучилтын өргөн 9 метрт хүрч замын зузааныг 75 см болгохоор ажиллаж байгаа аж.
Нийт зам шинэчлэлтийн ажлын гүйцэтгэл 40 орчим хувь байгааг хэлж ажлыг төлөвлөсөн хугацаанд нь буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд одоо байгаа хоёр эгнээ замыг шинэчлэн ашиглалтад оруулах боломжтой хэмээн мэдэгдлээ.
Энэхүү төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын дөрвөн компани ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр “Эсто” ХХК, “Үйлсийн зам” ХХК зэрэг дотоодын 10 гаруй аж ахуйн нэгж хамтран оролцож байна.
Зам шинэчлэлтийн ажлыг таван багцад хуваан гүйцэтгэж байгаа билээ.
Багц 1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км. Багцад 244 ажилтан, 107 машин, техник
Багц 2: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км. Багцад 154 ажилтан, 57 машин, техник
Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км. Багцад 222 ажилтан, 118 машин, техник
Багц 4: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км. Багцад 56 ажилтан, 47 машин, техник
Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км. Багцад 108 ажилтан, 74 машин, техниктэйгээр барилгын ажлыг ажлыг тус тус гүйцэтгэж байна.
Харин уг замын өргөтгөлийн ажил болох хоёр эгнээ замыг нэмж барих ажлыг Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 оны улсын наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.