Нэр бүхий ТББ-аас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн үзэж УИХ-ын ёс зүйн дэд хороон дарга Б.Бат-Эрдэнэд хандаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Төрийн бус байгууллагаас надтай холбоотой асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан байна. Энэ асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдах байсан ч ирц нь хүрэхгүй шалтгаанаар хоёр, гурван удаа хойшилсон байна. Дэд хорооноос надад энэ талаар тайлбар өгнө үү гэсэн албан бичиг ирүүлсэн. Энэ хүрээнд тайлбараа гаргаж өгч байгаа. Миний хувьд үндэслэлгүйгээр, хууль зөрчин хөрөнгөжсөн зүйл байхгүй.
Тайлбараа өгсөн болохоор түүний дараа холбогдох мэдээллийг өгнө. Хөрөнгө орлогоо бөглөж өгсний төлөө хүний нэр төрд халдаж, гэм буруутай зүйл хийсэн юм шиг шуугиж болохгүй. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шуугиан үүсгэж байгаа нь буруу.
Албан ёсны хариуг Дэд хорооны хуралдааны дараа хэлэх нь дээр байх. Тэрбум төгрөгийн орлоготой болсон гэдгийг олон дахин яриад байх хэрэггүй болов уу. Өөрийгөө өмөөрч байгаа юм шиг харагдана. Дэд хороонд үүнийгээ тайлбарлана. Нэг зүйлийг онцлоход, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хууль зөрчсөн асуудал байхгүй” хэмээн мэдэгдсэн юм.