Өмнөд хөрш Хятад улс нийт саятныхаа тоогоор анх удаа АНУ-ыг гүйцэж түрүүлсэн болохыг Credit Suisse банкнаас гаргасан судалгааны тайланд дурьджээ.
Швейцарын банкны жил тутам явуулдаг судалгааны энэ жилийн тайланд өгүүлснээр дэлхийн хүн амын хамгийн баян чинээлэг 10 хувьд 100 сая Хятад хүн багтсан бол АНУ-аас 99 сая хүн багтсан байна.
Дэлхийн хүн амын чинээлэг 10 хувьд багтах шалгуур нь хадгаламжиндаа доод тал нь $109,430- тай байх гэнэ. Энэ үзүүлэлтээр Хятадууд АНУ-ыг гүйцсэн ч супер баячуудын тоогоор буюу саяар хэмжигдэх хөрөнгөтэй иргэдийн тоогоор Америк дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа юм.
Өнгөрсөн онд АНУ-ын долларын саятнуудын тоо 675,000-аар нэмэгдэж, 18.6 сая хүрсэн нь дэлхийн нийт саятнуудын 40 орчим хувь болж байгаа ажээ.
Энэ нь насанд хүрсэн Америкчуудын 14 хүн тутмын нэг нь саятан гэсэн үг юм. Харин Хятадын хувьд өнгөрсөн онд 4.4 сая саятантай болсон нь 2018 оныхоос 158,000-аар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Дэлхийн нийт саятнуудын 10 хувийг Хятадууд эзэлж байна. Дэлхий даяар өнгөрсөн онд 1.1 сая хүн саятны эгнээнд дэвшиж, нийт тоо нь 46.8 сая болжээ.
Саятнуудын эзэмшиж буй хөрөнгийн нийлбэр хэмжээ нь $158.3 их наяд буюу дэлхийн нийт баялгийн 44 хувь болж байна.
Эх сурвалж: The Guardian