Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/ болон Зам, тээвэр хөгжлийн яамнаас Сэлэнгэ аймагт есөн хүний багтаамжтай бага оврын онгоц буулгах саналыг аймгийн удирдлагуудад гаргажээ.
Энэхүү саналыг тус аймгийн удирдлагууд хүлээн авч 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн аймгийн төв Сүхбаатар хотноо яаралтай тусламжийн онгоцыг долоо хоногт гурван удаа буулгахаар болсон байна.
Онгоц буух талбайг бэлтгэхдээ хуучин онгоц бууж байсан талбайгаа ашиглан зассан ба хөрөнгө мөнгөний асуудлыг аймгийн зүгээс шийдвэрлэж, инженер техникийн асуудлыг ИНЕГ-аас зохион байгуулахаар тохиролцжээ.
Аймгийн төвөөс нийслэл хүрэх авто замын шинэчлэлийн ажил дуусаагүй байгаа бөгөөд тус замаар зорчиход хүндрэлтэй байгаатай холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргасан байна. Эрүүл мэндийн салбарт яаралтай тусламж дуудах, хүнд өвчтөнийг тээвэрлэх үед уг онгоцыг захиалан ирүүлэх боломжтой ба нислэгийн үнэ тарифыг ИНЕГ-аас тогтоохоор болжээ.