Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас зөвхөн энэ онд л гэхэд удаа дараа хүний амь эрсдсэн осол гараад байгаа билээ.
Өнгөрсөн гуравдугаар сард тус уурхайд нуралт болж зургаан хүн осолдсон хэрэг гарсан. Онцгой байдлын аврагчид ослын газар олон хоногоор эрлийн шумбалт хийж, хоёрыг нь эсэн мэнд гаргаж, дөрвөн иргэний цогцсыг гаргаж авсан юм. Мөн үүнээс гадна дахиад л хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас гэх шалтгаанаар нэг хүн амиа алдаад удаагүй байна.
Эдгээр осолтой холбогдуулан УМХГ-аас тус компанийн үйл ажиллагааг зогсоох бичиг өгөхгүй байна хэмээн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдэгдэж байсан бол “Эко Алтан заамар” ХХК нэрээ сольж, “Бүрдэл Майнинг” ХХК гэх нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болжээ.