Улсын бүртгэлийн ерөнхий газраас Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгэх буюу эздийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгэх болсон талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчөө Улсын бүртгэлийн газарт үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Үнэн зөв мэдүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авна” гэсэн юм.
УИХ-аас 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр “Татварын ерөнхий хууль”, “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталж, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.
Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн ес дүгээр зүйлд зааснаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө бүртгүүлсэн хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчөө 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатай.
Харин 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш шинээр бүртгүүлж буй хуулийн этгээдүүд эцсийн өмчлөгчөө давхар мэдүүлэх юм.