Завхан аймгийн Сонгино суманд шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээлэл өнөөдөр /2020-02-14/ 12:18 цагт аймгийн Эрүүл мэндийн газарт ирсэн байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Б, түүний эхнэр Монгол Улсын иргэн Н нар 6 нас 7 сартай хүү, 1 ой 9 сартай охины хамт 2020 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр вагоноор Эрээн хотоос гарч 8-ны өдөр Улаанбаатарт иржээ. Хоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хамаатныхаа айлд амьдарч байгаад 13-ны өглөө 04:30 цагт хувийн машинаар Сонгино суманд ирсэн байна. Хоёрдугаар сарын 13-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвөөс иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулж, зөвлөгөө мэдээлэл өгөх үед иргэдийн биеийн байдал хэвийн байжээ. Гэвч долоон настай хүү З нь 2сарын 14-ний өглөөнөөс эхлэн халуурч 11 цагийн үед сумын Эрүүл мэндийн төвд ирж үзүүлэхэд өвчтөн 38.5 хэмийн халуунтай байсан тул шуурхай тусгаарлах арга хэмжээг авчээ. Дуудлагын дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны А/02 тоот “Халдварт өвчний голомтод ажиллах багийн бүрэлдэхүүн томилох тухай” тушаалаар томилогдсон зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг 2-р сарын 14-ний 13:37 цагт Сонгино сумруу хөдөлж шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүллээ. 14:30 цагт өвчтөн 36.5 хэмийн халуунтай байсан бол 20:30 цагийн үед 34.2 хэмийн халуунтай буюу үдээс хойш дахин халуураагүй байна.
Нэгдүгээр хавьтлын 11 иргэнийг шинжилгээнд хамруулахад биеийн байдал хэвийн байна. Одоогоор 15 иргэнийг тусгаарлаж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д хүргэхээр 2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 20:50 цагт Сонгино сумаас Улаанбаатар хотруу хөдөллөө.
Сорьцын хариу гарах хүртэлх хугацаанд иргэдийг тусгаарлах, суманд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах, хөл хорио тогтоох, дэлгүүрээс бусад үйлчилгээний газруудыг хаах шийдвэрийг гаргаад байна. Мөн Сонгино сумаар дайран өнгөрдөг Увс аймгийн нийтийн тээврийг хэрэгслүүдийг зогсоохгүй байхаар шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Zavkhan.gov.mn