Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Улсын онцгой комисс хуралдаж Цагаан сарын баярын өдрүүдээд иргэд болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах тухай асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг II сарын 23-наас 27-ны өдрийг хүртэл зогсоох шийдвэрийг гаргасан байна.
Мөн Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “13 аймгийн онцгой комиссын даргаас Цагаан сарын баярын үеэр хөдөлгөөн хязгаарлаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Үүний дагуу Улс, хот хоорондын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан” гэв.
БНХАУ-д өргөн дэлгэр тэмдэглэдэг Хаврын баярын үеэр Ухань хотоос таван сая хүн улсынхаа хэмжээнд 84 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь өвчний тархалт бий болоход нөлөөлснийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс бид үүнээс сургамж авах хэрэгтэй. Улс болон хот хоорондын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа. Гэхдээ нислэгийг хязгаарлахгүй гэж мэдэгдлээ.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал “Зам хаах шийдвэр гарсантай холбоотойгоор хулгайн замаар гарч энд тэнд цасанд суугаад өөрийгөө хамт яваа хүмүүсийнхээ амь насанд эрсдэл учруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан. Иймд хулгайн замаар зорчихгүй байхыг анхааруулж байна” гэсэн юм.