Шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэд хүнсээ нөөцлөх шаардлагагүй, өөрсдийн нөөцөөр 3-4 сарын хэрэглээгээ хангах боломжтой гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээллээ.
Махны тухайд 12 мянган тонныг нөөцлөөд байгаа нь шинэ махтай золгох хүртэл хэрэглээг хангах юм байна. Өнөөдрөөс эхлэн нийт 279 цэгээр нөөцийн махыг иргэдэд худалдаалж эхлэх бөгөөд нэмээд дахин 10 гаруй мянган тонн мах нийлүүлэхээр болоод байгаа юм байна. Ингэснээр өдөр тутамд 100 тонн махыг худалдаалах боломжтой.
Харин өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нэг болох гурилны тухайд 5-6 сарын хэрэглээг хангах нөөц бий гэдгийг тэрбээр онцолсон юм.
Төрөл бүрийн будааны хувьд импортын хэмжээг нэмэгдүүлэхээр анхаарч байгаа бөгөөд цагаан болон гурвалжин будаа зэрэг төрөл бүрээр нь авч үзвэл 2-3 сарын нөөц бий. Мөн ургамлын тосны хувьд 2 сарын нөөцтэй байгаа юм байна.
Үнэ хөөрөгдөх вий гэдэг болгоомжлол иргэдийн дунд байгаа бөгөөд үндэслэлгүй үнээ нэмсэн тохиолдолд ШӨХТГ-тай хамтран ажиллаж, хариуцлага тооцох асуудлыг ч ярих аж.
Хүнсний хангамжийг иргэдэд жигд түгээх ажилд холбогдох байгууллагууд хийж байгаа гэдгийг салбарын сайд хэлсэн бөгөөд ХХААХҮЯам шуурхай штабын зохион байгуулалтад орж ажиллаж байна гэв.