Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Шинэ коронавирусний халдвар дэлхийн 164 оронд тархаж, 7000 гаруй хүн нас бараад байна. Монгол Улсад шинэ коронавирусний анхны тохиолдол болж оношлогдсон Франц улсын иргэний биеийн байдал тогтвортой байна.
Өчигдөр шөнө Монгол Улсын гурван иргэнээс коронавирусний халдвар илэрсэн тул өнөөдөр өглөө PCR аппаратаар дахин шинжилж, оношийг баталгаажуулсан. Тухайн гурван иргэнтэй ойр байсан нийт 110 хүнээс шинжилгээ авсан. Одоогоор 61 хүний хариу сөрөг гарсан. Бусад хүмүүсийн шинжилгээний хариу удахгүй гарна.
Монгол Улсад бүртгэгдсэн дөрвөн халдварын тохиолдол бүгд зөөвөрлөгдөж орж ирсэн.
Гурван иргэний биеийн байдлын тухайд хувь хүний нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй зарлах боломжгүй. ХӨСҮТ-ээс БНСУ-аас ирсэн хоёр иргэний биеийн байдал тогтвортой. Берлинээс ирсэн иргэний байдал хүнд байна гэсэн мэдээллийг өгсөн” гэв.