Эрүүл мэндийн яамнаас яг одоо ээлжит шуурхай мэдээллээ хийж байна.
ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйн шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн тав дахь тохиолдол болж байна.
Тухайн иргэн нь Италиас ирсэн Монгол Улсын иргэн. Лабораторийн шинжилгээгээр коронавирус болох нь тогтоогдсон ба хавьтлыг судлах ажил эхэлсэн” гэлээ.
Одоогоор өвчтөний биеийн байдал нь тогтвортой байгаа талаар мөн өчигдөр бүртгэгдсэн Германаас ирсэн зорчигчоос тухайн иргэн нь хол суусан буюу ойрын хавьтал биш гэж үзэж байгаагаа ЭМЯ мэдэгдэв.
Түүнчлэн Улсын Онцгой комиссын шийдвэрээр гадаадаас ирж байгаа шинж тэмдэгтэй иргэдээс гадна Итали, Иран, БНСУ-ын Дэгү, Бусан гэсэн хотуудаас ирж байгаа зорчигчдыг шинж тэмдэггүй ч гэсэн ХӨСҮТ-д хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлж, онош тодруулах ажиллагаа явуулж байгаа нь тодорхой хэмжээнд оновчтой арга хэмжээ болж байгааг онцоллоо.