Өнөөдөр Хятад улсын эрх баригчид уламжлал ёсоор сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад илэрсэн коронавирусийн халдварын тоог зарлалаа.
Ингэхдээ бас шинж тэмдэг илэрдэггүй (asymptomatic) халдварын тохиолдлуудын тоог анх удаа зарласан байна.
Хятадын эх газарт өчигдөр нийт 36 халдварын тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийн 48 тохиолдлоос буурсан үзүүлэлт болжээ. Эдгээр тохиолдлуудын нэгээс бусад нь гадаад орноос ирсэн зорчигчдоос илэрсэн байна.
Ингэснээр гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн халдварын тохиолдлын нийт тоо 806 хүрчээ.
Үүнээс гадна асимптоматик буюу ямар нэг шинж тэмдэггүйгээр хүнд халдварласан 130 тохиолдлыг сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэсэн байна. Мягмар гарагийн байдлаар ийм төрлийн халдварын тоо Хятадад нийтдээ 1,367 болжээ.
Асимптоматик төрлийн тохиолдол бусдад халдвар тараах чадвартай эсэх талаар асуудал эрдэмтэн судлаачдын дунд маргаантай байгаа. Гэсэн хэдий ч Хятадын эрх баригчид ийм төрлийн халдвар тээгчдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч эхэлжээ.
Эх сурвалж: Reuters