Өмнөговь аймгийн харьяат 20 хүн тусгаарлалтад байсан ба нэг хүнийг Ханбогд суманд, 19 хүнийг бусад аймаг болон Улаанбаатар хотод байршуулжээ. Эдгээр хүмүүс тусгаарлалтын 21 хоногоо гүйцээгээд гэртээ тусгаарлагдах болсон байна.
Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймагт нийт зургаан хүн гэртээ тусгаарлагдаж байгаагийн хоёр нь Цогтцэций суманд, дөрөв нь Даланзадгад хотод байгаа аж. Гэртээ тусгаарлагдах хүмүүст сургалт, мэдээлэл өгсөн ба тэдгээр хүмүүсийн биеийн халууныг өдөрт хоёр удаа хэмжиж, өөрийгөө тусгаарлах үүрэг, зөвлөмжийг өгч гарын үсэг зуруулж авчээ.
Өмнөговь аймгийн Шуурхай штабаас мэдээлснээр дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Даланзадгад хотод тусгаарлагдаж буй хүмүүсийн нэг нь гадуур гарч, өөр нэг хүн бусдыг цуглуулж архи уусан байна.
Эдгээр хүмүүс гэр бүлийнхээ гишүүдээс хүртэл өөрийгөө тусгаарлах шаардлагатай. Хүмүүсээс 1-2 метр хол байх ёстой. Аяга, тавгаа тусдаа ашиглах хэрэгтэй. Гэртээ гаднаас зочин оруулахгүй, гэрээсээ гарч бусад айл руу очихгүй байх шаардлагатай. Гэртээ агаарын солилцоо хийж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмолжуулах хэрэгтэй. Түүнчлэн гэртээ хөл хорионд буй иргэд утсаа байнга асаалттай байлгаж, эмнэлгийн ажилтнуудын дуудлагад хариулж байх ёстой.
Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол тусгаарлалтын хоног дууссаны дараа Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна хэмээн Өмнөговь аймгийн Шуурхай штабаас анхааруулж байна.