Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “Дөрөвдүгээр сарын 14-нд Сонгдо эмнэлэгт сэжигтэй хоёр иргэнд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарлаа. Вирусийг генийн дарааллаар тогтоож нарийвчлан гаргаж ирдэг PCR шинжилгээгээр коронавирус илрээгүй.
Гэхдээ хурдавчилсан оношлуурыг ашиглаж, нарийвчлан шалгаагүй байхад зарлалаа. Хурдавчилсан оношлуур шинжилгээний эцсийн хариу болохгүйг бүгд анхаарах хэрэгтэй байна.
ХӨСҮТ-д байгаа 30, тандалтын 19, Дундговь аймгаас ирүүлсэн 5 сорьцод шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой сайн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 245 хүн байгаа” гэж хэлэв.