УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Б.Ган-Эрдэнэ, Б.Нямдаваа, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд, Н.Баттөгс, Б.Шижиржаргал, Д.Батмөнх нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдон эхэлсэн.
Нийслэлийн прокурорын газраас дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1, 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тус хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд “Н.Номтойбаяр нь хэргийн мөрдөгчийг утсаар дарамталсан баримтыг прокурор гаргаж ирсэн тул гэм буруугийн шүүх хуралдаан хүртэлх хугацаанд Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр”-ийг шүүгч гаргажээ.
Н.Номтойбаяр өөрийнхөө албан ёсны твиттер хаягаараа “Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд ХАН-УУЛаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Иргэд хүчтэй!!” хэмээн жиргээд цагдан хорих 461 дүгээр анги руу ачигджээ.