Багаас минь зун цаг ирснийг, наадам дөхөж буйг мэдрүүлдэг хотын улиасны унгирал аль хэдийнээ хаялаад эхэлжээ. Энд тэндгүй хийсч хамар ам руу орж харшил астма хөдөлгөөд байгаа юм шиг хэцүүхэн байна уу? Гэвч энэхүү унгирал хөвөн маань улиасны үр жимс нь бөгөөд хүнд ямар нэгэн харшил үүсгэдэггүй, харин ч эсрэгээрээ харшил үүсгэгчидийг өөртөө татдаг буюу хөвөнд наалдсан тоосонцор харшил өдөөж, үүсгэдэг тухай эрдэмтэд бичсэн байна шүү.
Иймд санаа зоволтгүйгээр гадуур хийсэх улиасны үрийг уут уутаар цуглуулаад хашааныхаа ёроолыг дагуулж хүрзээр 4-5 см гүн зурвас татаад булчих хэрэгтэй юм байна. Хааяадаа харж ганц нэг услаад, тайралт, сийрэгжүүлэлт хийгээд байхад 2-3 жилийн дараа хашааны үхмэл банз, хөсрийн блокон хашаа далд орж, хавь орчноо чийгтүүлсэн, ямарч мод, ургамал ургахад бэлэн хөрсийг нь бий болгосон амьд ногоон хэрэмтэй болох нь байна шүү дээ. Бид ингэж л хавар болохоор хийсдэг элс шороог дарж чадна.
Бид гадны сайхан орныг мөрөөдөж гараа хумхиж суух биш нүдээ нээж баялагийн боломж бүрийг харж, хэрэгжүүлж байх хэрэгтэй шүү.
Яагаад заавал Хотын захиргаа, дүүрэг, хороодыг харж тэдний хийсэн ажлыг байнга шүүмжилж суух ёстой гэж. Өөрсдөө ч мөн хотын өнгө үзэмж хувь нэмэр оруулах амархан аргыг байгаль бидэнд бэлэглэж байна. Хамтдаа амьдрах орчноо хөгжүүлцгээе.