Төв талбайн урд шинээр барьсан хөгжимт усан оргилуурын туршилтыг өчигдөр хийсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам байхгүй байна хэмээн иргэд олон нийтийн сүлжээгээр багагүй шүүмжилсэн. Гэтэл усан оргилуурын зураг төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам анхнаасаа төлөвлөгдсөн байсан гэдгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцлах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар хэллээ.
Өмнө нь байсан моддыг зөөвөрлөн өөр газарт суулгасан ба үлдсэнийг нь тордож сэргээжээ. Мөн нийт 7500 м.кв талбайн хөрсийг боловсруулж шинээр зүлэгжүүлж, явган хүний боржин чулуун 8260 метр замыг засжээ. Зүлгийн усалгааны системийг төвлөрсөн шугамд холбосон гэв. Усан оргилуурыг тойроод хангарди шувууны дөрвөн баримлыг байрлуулжээ.
Усан оргилуурын нээлтийг ирэх баасан гарагт хийхээр төлөвлөсөн. 3.2 тэрбум төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэнг тохижуулсан бөгөөд тендер зарлалгүй Нийслэлийн хот тохижилтын газар хариуцан ажлыг гүйцэтгэжээ.