Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Кубын \”Генетикийн инженер, биотехнологийн төв”-д зочиллоо. Ерөнхийлөгчийг тус төвийн захирал Еүлохио Пиментел, \”БиоКубаФарма” нэгдлийн Ерөнхийлөгч Др. Карлос Гутиеррес нар угтан авч төвийхөө үйл ажиллагааны талаар танилцуулав.
Хөгжиж буй орнуудад их хэмжээгээр тархаж буй вирус, халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор \”Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийг тухайн үеийн Ерөнхийлөгч Фидэл Кастрогийн санаачлагаар 1982 онд үүсгэн байгуулж байсан түүхтэй юм байна.
Элэгний гeпатит B,C вирусын эсрэг Интерферон, сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтын эсрэг Хеберфрот тарианаас гадна менингит зэрэг олон төрлийн өвчний эсрэг эм үйлдвэрлэн, дэлхийн 38 оронд экспортлон худалдаалдаг бөгөөд Санкти Спирито, Камагуэе хотуудад салбартай, Гавана дахь төвдөө 13 лаборатор, 350 гаруй үндсэн ажилтантай Био-анагаах ухааны судалгааны хэсэг, Геном ба дархлаа оношлогооны газар, Шинжлэх ухаан техникийн болон судалгааны тэнхимүүдэд хуваагддаг юм байна.
Тус тэнхим нь өвчний угийг судлаж, сөрөг молекулуудын химийн бодисын тэсвэрийг биоинформатик ба протеомик аргаар тодорхойлон, шинэ эмийн найрлага боловсруулдаг. Одоогоор уургийн молекул, биоинформатикийн сурдалгаа, ДОХ-ын вирусын эсрэг молекулын судалгаа, дархлаа бууралтын эсрэг судалгаа, хөхний булчирхайн судалгаа зэрэг 10 орчим нэр төрлийн судалгааг явуулдаг аж.
Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус төвийн захирал Еүлохио Пиментел болон зарим эрдэмтэдийг Монголд урьж хөдөө аж ахуй, эм, эмнэлэгийн салбарт хамтран ажиллах чиглэлд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.