АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Fox Business сувагт ярилцлага өгөхдөө анх удаа амны хаалтны ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөн байна.
Тэрбээр өмнө нь олон нийтийн дунд орохдоо ам, хамраа халхлах эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг эсэргүүцсээр ирсэн юм.
“Би амны хаалт зүүхийг бүх талаар дэмжиж байна” гэж Трамп хэлээд цаашдаа олны өмнө ил гарахдаа амны хаалт зүүхээс татгалзахгүй гэж мэдэгджээ.
Өмнө нь төрөл бүрийн арга хэмжээнд оролцохдоо хүмүүстэй ойр зайнаас харьцдаггүй байсан, шадар хүмүүс нь тогтмол коронавирусийн шинжилгээ өгдөг байсан тул амны хаалт зүүх шаардлага гарч байгаагүй гэж Трамп тайлбарласан байна.
“Үнэндээ би нэг удаа амны хаалт зүүж үзсэн, надад зохиж байсан шүү” гэж тэр бас хэлжээ.
Трамп өнгөрсөн сард Мичиган дахь Фордын үйлдвэрт зочлохдоо хэвлэлийнхний нүднээс далд хэсэгхэн хугацаанд амны хаалт зүүсэн нь анхны тохиолдол байсан юм.
Ерөнхийлөгчийн хандлага өөрчлөгдсөнд талархсан Сенат дахь Бүгд Найрамдах намын бүлгийн тэргүүн Мич Макконел “Цар тахал үргэлжилж байгаа энэ үед эдийн засгаа идэвхжүүлэхэд тус болох хамгийн энгийн арга зам бол амны хаалт зүүж өөрийгөө болон бусдыг хамгаалах юм” гэж мэдэгджээ.