Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын төгсгөлд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавируст халдвараар өвчилж, эдгэрээд гарсан хүмүүсээс дахин вирус илэрсэн тохиолдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Коронавируст халдвар авч, эмчилгээ хийлгээд эдгэрсэн буюу хэд хэдэн шинжилгээгээр халдвар илрээгүй хүмүүст хэд долоо хоногийн дараа дахин халдвар илэрсэн тохиолдлууд дэлхийн улс орнуудад гарсан.
Манай улсад ч мөн тийм тохиолдол гарч байна. Бид халдвартай тохиолдлуудыг эмнэл зүйн удирдамжийн дагуу эмчилсэн. Эмчилгээ үр дүнтэй болж өнөөдрийн байдлаар нийт 213 хүнийг эмчилж гаргаад байгаа. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн дараалсан гурван удаагийн шинжилгээний хариу сөрөг, зарим тохиолдолд таван удаагийн шинжилгээний хариу сөрөг гарсан хүмүүсийг эмнэлгээс гарган, сувилалын ажиглалтад авч байна.
Сувиллын ажиглалтад 14 хоног байлгах хугацаандаа хоёр удаа шинжилгээ хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эдгэрээд байгаа 213 хүний 22, 23 хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Тиймээс бид вирус илрэхгүй болтол ажиглалт, тандалтад байлгаж байгаа. Ард иргэд халдвартай хүн эмнэлгээс гарч ирээд халдвар тараах вий гэж айх зүйл байхгүй” гэв.