Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Шастины нэрэмжит нэгдсэн 3 дугаар эмнэлгийн нэр бүхий 6 эмчид Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар нэг жил эмчлэх эрхийг нь хасах, нэг жил хорих ял оногдуулсан байна. Ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан \”Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хэргийн талаар тодруулбал, шүүгдэгч Н, Б, Э, Д, Н, Ө нар нь эмчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эмчлүүлэгч Э нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан юм. Мөрдөн байцаалтын явцад Н, Б, Э, Д, Н, Ө нар нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдал нь өвчтөнийг үхэлд хүргэх шалтгаан болох нь тогтоогдсон байна.
Эх сурвалж: Прокурорын ерөнхий газар