Ирэх 10 дугаар сарын 19-ний лхагва гарагт болох Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд 9 нам, 1 эвслээс 14,489 нэр дэвшигч, бие даагч 723 хүн өрсөлдөнө.
Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15,212 нэр дэвшигч бүртгүүлжээ.
Сонгуульд МАН, АН, ИЗНН, Монголын ногоон нам, Бүгд Найрамдах нам, МАХН, Эх орон нам, МҮАН, Хөдөлмөрийн үндэсний нам, АН-МАХН-ын \” Төв нутаг\” эвсэл оролцох юм.
Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу энэ сарын 27-ны өдөр гардуулах юм. Харин сонгуулийн сурталчилгаа 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж 10 дугаар сарын 17-ныг дуустал явагдана.
Сонгуулийн санал авах ажиллагааг 10 дугаар сарын 19-нд Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд улс орон даяар болно.
Эх сурвалж: \”Монцамэ\” агентлаг