Сидней-УБ чиглэлийн онгоцоор ирээд, “Дрийм” зочид буудалд тусгаарлалтад байсан иргэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр ХӨСҮТ-д хүргэгдлээ гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн холбогдох албаны хүнээс тодруулахад “Өчигдөр буюу есдүгээр сарын 14-ны орой 22:00 цаг өнгөрч байхад хоолны хордлогын сэжигтэй тохиолдлын мэдээлэл ирсэн ба манай тандалтын албаны баг ажиллаж байна. Одоо 14 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэдийн биеийн байдал харьцангуй гайгүй.
48-72 цагийн дараа хариу гардаг учраас хоолны хордлого мөн эсэхийг одоо хэлэх боломжгүй байна.
“Дрийм” зочид буудалд тусгаарлалтад байгаа бусад хүмүүсээс асуумж судалгаа, нян судлалын шинжилгээ авч байна. Мөн МХЕГ-аас баг ажиллаж байна. Яг одоогийн байдлаар хоолны хордлогын сэжигтэй тохиолдол хэмээн үзэж тандалт судалгааг хийсэн ба 48-72 цагийн дараа хариу гарах учраас хоолны хордлого мөн эсэхийг одоо хэлэх боломжгүй.
Эдгээр хүмүүст бөөлжих, суулгах, гэдэс базлах шинж тэмдэг илэрсэн. Зовиур илэрч нэмэгдсэн тохиолдол байхгүй. Насны хувьд 25-60 насныхан байгаа ба нэг хүүхэд байна” гэлээ.