БНХАУ-ын Засгийн газар ӨМӨЗО-ны дунд сургуулиудад монгол хэл, бичгийг хязгаарлах шийдвэр гаргасантай холбоотойгоор Өвөрмонголын ард иргэд өнгөрсөн долдугаар сараас эхлэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд буй. Тэдний тэмцлийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ихээхэн дэмжиж, уриалга гаргасан.
Харин түүний энэ үйлдлийг Монгол улсад суугаа Хятадын Элчин сайд Цай Вэньруй нэлээд эгдүүцэж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “хоёр нүүртэн” хэмээн буруутгаад авлаа.
Тодруулбал, Элчин сайд Цай Вэньруй “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагандаа “Монгол улсын Ерөнхийлөгч байсан хүн эсэргүүцэж байна. Тэр хүн Өмнөд Монгол бол хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэдэг байсан. Албан тушаалаасаа буугаад хоёр нүүртэн болж байна. Буруу ойлголт тарааж байгаад туйлын харамсаж байна” гэсэн юм.
Тэгвэл үүний хариуд Ц.Элбэгдорж “Монгол хэл, бичгээ сурах эрхээ Монгол хүн эдлэе л гэж байгаа. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хэн ч хөндөөгүй. Бас юун нүүрс, юань вэ? Үндэсний хэл бичгээ сурах эрхээ хасуулахыг нэг ч Монгол хүн тэвчихгүй. Энэ бол монгол хүний амин чухал эрх ашиг. Монгол хүнийг Монгол нутаг дээр нь доош хийхийг бас тэвчихгүй. Си дарга нь ийм үйлдлийг хараад юу гэх бол? Миний хувьд бол – Persona Non Grata” хэмээн мэдэгджээ.