Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 26. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны \”Муу нүүрт\” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 26. Сумъяа гараг. Найралт эх одтой, найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр.
Өдрийн наран 6 цаг 50 минутад мандан, 18 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.