Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн анхны тохиолдол болох Францын иргэн манай ЭМЯ-ыг шүүхэд өгч байгаа тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд олон нийтийг анхаарлыг татаад байна.
Тодруулбал, “Ковид, гадаадад гацсан Монголчууд, хандивын мөнгийг хуваасан төрийн
албан тушаалтнууд гэх мэт сэдвээр хэсэг нөхөдтэйгөө ярьж суутал нөгөө Анх-Отгон чинь Францдаа очоод шинжилгээ хийлгэсэн нь сөрөг биет (ковид тусаагүй) гараагүй. Тэгээд Монголын эрүүл мэндийн яамыг шүүхэд өгч байгаа гэх яриа сонслоо. Би анх удаа сонссон болохоор ихэд сонирхож бас гайхав. Тэр Францын онлайн хаягийг мэдэх хүн байвал тус болоорой! Би ярилцлага хийж өөрийнх нь амнаас сонсоё! Энэ мэдээ үнэн бол Ковид сонгуулийн дэглэмийн том шоу жүжиг байсан нь дэлгэгдэнэ. Бас өвчтэй гэж оношлогдсон улс өвдөөгүй байсан тухай сонсов. Мөн эдгэрээд гарсан хүмүүсийг хэвлэл мэдээлэлд яриа өгүүлэхгүй байх хатуу гэрээнд гарын үсэг зуруулсан гэх…” гэсэн пост цахим хуудсаар идэвхтэй цацагдаж байна.
Харин Анхотгон /франц улсын иргэн /“Би коронавирусийн халдвар туссан эсэхдээ эргэлзэж байгаагүй. ЭМЯ-нд гомдол гаргасан зүйл огтхон ч байхгүй. Харин ч намайг эдгээсэн Монголын эмч нарт үргэлж талархаж явдаг” гэх тайлбарыг эх сурвалжид өгчээ. Мөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Тийм мэдээлэл сонсоогүй. Үнэхээр тийм мэдээлэл гарсан бол учир нь олдох байх. Францын иргэн маань биеийн байдал нь маш хүнд байж байгаад 40 гаруй хоног эмчлэгдэж, “Францад байсан бол би нас барсан хүмүүсийн тоонд орох байсан. Монгол эмч нартаа баярлалаа” гээд талархаад явсан хүн тэгэх үндэслэл байхгүй” хэмээн тайлбар өгчээ.