Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийн танилцуулга-хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас энэ асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, Засгийн газраас болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан шүүхийн хуульд адил нэг зүйл бий. Тэр нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчдийг түдгэлзүүлдэг огцруулдаг асуудлыг аль аль нь больё гэж байгаа юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчдийг түдгэлзүүлдэг байж болохгүй бөгөөд энэ нь өөрөө шүүгчдийн хараат бус байдалд нөлөөлнө. Бие даасан байдлыг нь алдагдуулж шинэ хонгил үүсгэж байгаа юм. УИХ-д өргөн барих хуулийн төсөл хамгийн түрүүнд энэ асуудлаас эхэлнэ. Шүүгчийг бие даалгаж ажиллуулна. Нөгөө талаар тэд нараас хариуцлага ёс зүйг шаардана.
Ерөнхийлөгч өөрт нь таалагдаагүй байж болзошгүй, ямар үндэслэлээр нь тодорхойгүй 13 шүүгчийг чөлөөлсөн. Монгол Улсын Үндсэн хуульд шүүгчийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх ёстой гэж заасан. Өөрт нь таалагдаагүй ямар ч тодорхойгүй үндэслэлээр чөлөөлдөг байж болохгүй гэв.
Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай асуудал нэг удаагийн хэлэлцүүлгээр шийдэгдэхгүй. Шүүх эрх мэдэл дээр асуудал байгаа гэдгийг мэдэж байгаа бол түүнтэй нь дүйцсэн хүнд эмчилгээг хийх шаардлага үүснэ. Жирийн тариа хийхгүй мэс засал хийнэ гэдгийг онцоллоо.