Шинэ коронавирусийн цар тахлын нөлөөгөөр улс орнуудын төр засгийн тэргүүдийн айлчлалууд тодорхой хэмжээнд татраад байсан билээ. Төр засгийн тэргүүнүүдийн гадаад дахь айлчлал энэ сараас эхлэн идэвхжиж байна.
Монгол Улсын хувьд хөрш хоёр улстайгаа гадаад харилцааны сайд нарын ээлжит айлчлалуудыг хийгээд байгаа юм. Тэгвэл ирэх сарын 7-нд Монгол Улсын гуравдагч хөрш гэгддэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монгол Улсад ажлын айлчлал хийхээр хоёр тал тохиролцсон байна. Эх сурвалжуудаас авсан мэдээллээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас тун бага хугацааны өмнө энэхүү айлчлал болж байгаагаараа онцлогтой, хоёр орны харилцаанд АНУ ач холбогдол өгч буйн илрэл юм гэж байлаа.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын энэхүү айлчлалаар хоёр улс ямар яриа хэлэлцээ хийх нь одоогоор тодорхойгүй байна. Монгол Улс, АНУ-ын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд байгаа бөгөөд Монгол Улсын түншлэлийн харилцаатай 10 улсын нэг билээ.