УИХ-ын гишүүн П.Анужин төрөөс баталж буй хууль, журмууд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах бус, эмийн хамааралтай болгоход чиглэж байна хэмээн шүүмжиллээ.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
Хуулийн төсөлд анхаарах зүйл их байгааг хуралдаанд оролцсон гишүүд хэлж байсан юм. Түүний нэг нь УИХ-ын гишүүн П.Анужин байлаа.
Тэрбээр “Бид иргэдээ эмийн хэрэглээнд нэвт оруулсан зүйлсийг хийж байна. Эмийн хэрэглээнээс гаргах бодлого гэж байдаггүй юм уу. Бид хүмүүсээ улам эмийн хамааралтай болгох талаар л ярьж байна. Эрүүл монгол хүн гэсэн бодлого нь хаана байна вэ. Эм эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж юуг хэлж байна вэ. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүийг оруулж байна уу. Эм бол өвдсөн хойно нь хэрэглэдэг, хүнсний нэмэлт бол өвдөхөөс нь өмнө хэрэглэдэг тэс өөр зүйл. Иргэдийн хэдэн хувь нь эмийн хамааралтай байна вэ. Тойрогтоо ажиллаж байхад асуулт асууж байгаа хүн бүр л эмийн хөнгөлөлтийг асууж байна. Бид ард иргэдийнхээ хэдэн хувийг эмийн хамааралтай болгочихоод одоо эмийн бизнесийг дэмжих гээд байгаа юм бэ” гэлээ.
Үүний хариуд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хүн амын хэдэн хувь нь эмийн хамааралтай гэсэн статистик тоо байхгүй гэдгийг хэлсэн юм. Эмийн бизнесийг ярихаас өмнө хүн амын хэдэн хувь нь яагаад эм хэрэглэж байгааг эхлээд ярьсан нь дээр гэв.