Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцсэний дараа НИТХ-ын даргыг сонгох санал хураалт явууллаа. Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар томилох санал хураалтыг ил явуулж, төлөөлөгчдийн 84.44 хувь нь дэмжсэн юм.
Тэрбээр НИТХ-ын 8 дахь дарга болж байна. Түүний боловсрол болон ажлын туршлагыг бид өмнө нь танилцуулсан билээ. Ж.Батбаясгалангийн хувьд Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшиж, 11,363 иргэний санал авч, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.
НИТХ дахь намын бүлгүүдээс НИТХ-ын даргад МАН-аас өөр нам нэр дэвшүүлээгүй юм.
НИТХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийг НИТХ-ын төлөөлөгч Н.Алтаншагай танилцуулав. Тэрбээр “2020 оны ээлжит сонгуулиар МАН 34 суудал авч олонх болсон тул НИТХ-ын даргад төлөөлөгчдөөс нэр дэвшүүлж байна. НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар сонгохоор 100 хувийн саналаар дэмжлээ” гэв.
Өнөөдрийн хуралдааны үеэр Төлөөлөгчид энгэрийн тэмдэг, үнэмлэхээ гардаж авлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэх юм.